ЭЕШ-ийн оноог хэрхэн боддог вэ?

Огноо: 2015-10-30,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог хэрхэн боддог талаар хүмүүсийн дундах ойлголт зарим талаар учир дутагдалтай байдаг тул 2006-2015 оны хооронд ЭЕШ-ийн хэмжээст оноог хэрхэн бодож ирсэн талаар товчхон тайлбар мэдээлэл өгье.

Шалгалтын үндсэн материал нь 100 онооны тестээс бүрдэх бөгөөд шалгалтын материалыг засахад сурагчийн гүйцэтгэлийн оноо нь 0-100-ийн хооронд байна. Энэ оноог үндэслэн сурагчийн хэмжээст оноог гаргадаг.

Хэмжээст оноог бодохдоо дараах 2 аргын аль нэгийг ашигладаг. Эдгээр аргуудын математик үндэслэл нь сурагчдын шалгалтын үнэлгээ нь нормаль тархалттай гэж үзээд тархалтыг нь нормчлох юм. Энэ нь хоёр өөр шалгалтын дүнг харьцуулах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл 2014 ба 2015 оны ЭЕШ-ийн шалгалтанд шалгуулсан хоёр хүүхдийн хэмжээст оноо нь тэнцүү бол чадвар нь тестийн шалгалтын хүндрэлээс үл хамааран ойролцоогоор тэнцүү байлгахад чиглэж байгаа юм.

I арга. Энэ аргаар 2006-2010 оны ЭЕШ-ийн дүнг бодсон. А сурагчийн гүйцэтгэлийн оноо нь $x$, нийт сурагчдын дундаж оноо $M$, стандарт хазайлт $\sigma$ бол $$\textrm{А сурагчийн хэмжээст оноо}=\dfrac{x-M}{\sigma}\cdot 100+500$$ гэж тооцох ба хэрвээ дээрх оноо 800-аас их гарвал хэмжээст оноог 800, 200-аас бага гарвал хэмжээст оноог 200 гээд ойролцоо бүхэл тоог авч хэмжээст оноог гаргадаг. Энэ аргын гол давуу тал нь аль нэг жилд нь сайн хүүхдүүд харьцангуй олон юм уу цөөн байвал түүнийг нь тохируулах боломж олгодог. Сул тал нь шалгуулагчдын мэдлэгийн төвшин ямар нэг шалтгаанаас болж хэт ялгаатай бол олон хүүхэд 800 оноо авах, эсвэл олон хүүхэд 200 оноо авах боломжийг олгодог. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол ЭЕШ-ийн эхний жилүүдэд маш олон тооны хүүхэд 800 оноо авч байсан шүү дээ. Энэ нь цаашлаад сурагчдын хуваарь сонголтонд хүндрэл учруулж байсан (800 оноотой хирнээ хүссэн сургуульдаа орж чадахгүй байх тохиолдол хүртэл гарч байсан). Энэ арга нь жилд олон удаа авдаг TOEFL, SAT, GRE зэрэг шалгалтуудын хувьд тохиромжтой.

II арга. 2011-2015 онд хэрэглэсэн арга нь сурагчдыг оноогоор нь жагсаасны дараа уг жагсаалтаа нормальчилж бодох юм. Энэ аргын хувьд жагсаалтын эхний хүүхдүүдэд 800 оноо дундаж хүүхдүүдэд 500 оноо, сүүлийн хүүхдүүдэд 200 оноо гэх мэтчилэн хуваарьлах бөгөөд ойролцоогоор 1000 орчим сурагчийн нэг нь 800 оноо авах ба улсын хэмжээнд шалгалт өгсөн сурагчийн тооноос хамаарч 800 оноо авах сурагчийн тоо тогтмол байна. Энэ нь нэг жил олон сайн хүүхэд (бусад жилтэй харьцуулахад) зэрэг шалгалт өгсөн тохиолдолд бүгдээрээ 800 оноо авах боломжгүй болгодог сул талтай боловч хуваарь сонголт зэрэгт ямар нэг хүндрэл учруулахгүй (нэмэлтээр гүйцэтгэлийн оноог харьцуулах шаардлагагүй) сайн талтай. Энэ аргыг ашиглахдаа 2012-2014 оны хооронд 90 буюу түүнээс дээш гүйцэтгэлд шууд 800 оноо харгалзуулж байсан бол 2015 оны хувьд зөвхөн жагсаалтанд эзлэх байр буюу проценталь оноон дээр үндэслэн хэмжээст оноог бодсон.

Дашрамд хэлэхэд гүйцэтгэлийн оноог хэмжээст оноонд шилжүүлэх нь зөвхөн шалгуулагчдыг зүй зохистой эрэмбэлэхэд чиглэсэн математик хувиргалт юм. Үүнийг зарим хүмүүс боловсролын чанар муу байгааг нуухад ашиглаж байна гэж шүүмжилж байгаа нь байгаа оноогүй хэрэг бөгөөд математик сургалтын чанарыг илтгэж байгаа гол үзүүлэлт бол нийт сурагчдын гүйцэтгэлийн дундаж оноо юм. Харамсалтай нь энэ үзүүлэлт олон жилийн туршид тогтмол 21-23-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь нэг талаар математик сургалтын чанар ямар байгааг нөгөө талаас нийт шалгуулагчид маань ЭЕШ-дээ зохих бэлтгэлгүй оролцож байгааг харуулж буй хэрэг юм.

Цаашид аль аргыг хэрэглэх вэ?

Дээрх тайлбараас харахад I нь арга нь шалгуулагчдын мэдлэгийн түвшин ямар нэг шалтгаанаас болж ялгаатай байгаа (манай орны хувьд гүнзгийрүүлсэн болон жирийн сургалтын ялгаа) үед хэрэглэхэд хэт олон 800 оноо авах зэрэг хүндрэл үүсгэж байгаа, мөн гол давуу тал болох хоёр өөр онд шалгуулсан шалгуулагчдыг эрэмбэлэх шаардлага бага байгаа тул тохиромжгүй болж байгаа юм. Иймд цаашид жилд 2-оос цөөнгүй удаа ЭЕШ зохион байгуулдаг болоогүй тохиолдолд хэрэглэхэд ямар нэг давуу тал гарахгүй. Иймээс цаашид II аргыг хэрэглээд явах болов уу гэж миний хувьд бодож байна.

ЭЕШ-д хэдэн оноо авахаа хэрхэн урьдчилан мэдэх вэ?

Хамгийн хялбар арга бол 2015 оны ЭЕШ-ийн материалыг боловсролын үнэлгээний төвийн  http://www.eec.mn/news/109  хуудаснаас татаж аваад
Оноо Х. Оноо Оноо Х. Оноо Оноо Х. Оноо Оноо Х. Оноо
0 200 26 546 52 646 78 709
1 200 27 552 53 648 79 711
2 200 28 559 54 651 80 714
3 204 29 564 55 654 81 717
4 233 30 570 56 656 82 720
5 252 31 575 57 659 83 723
6 278 32 579 58 660 84 725
7 298 33 584 59 663 85 729
8 318 34 589 60 665 86 731
9 336 35 592 61 668 87 735
10 356 36 596 62 670 88 740
11 373 37 600 63 672 89 745
12 391 38 603 64 674 90 749
13 408 39 606 65 677 91 752
14 423 40 610 66 679 92 758
15 438 41 612 67 681 93 764
16 452 42 617 68 683 94 770
17 464 43 620 69 686 95 777
18 476 44 622 70 688 96 782
19 488 45 625 71 691 97 790
20 497 46 629 72 693 98 797
21 507 47 632 73 695 99 800
22 516 48 635 74 698 100 800
23 524 49 637 75 700
24 531 50 640 76 704
25 539 51 643 77 706
хүснэгтийг ашиглан хэмжээст оноогоо бодох юм. Мөн манай бодлогын сангийн  үндсэн хэрэглэгчдийн хувьд Сорилгууд хуудсанд хариултаа оруулаад хэмжээст оноогоо бодуулах боломж бий.

Хэрвээ та бүхэн ЭЕШ-д хэрхэн бэлдэх зөвлөгөө сонирхож байгаа бол миний бичсэн ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ? зөвлөгөөг үзээрэй!

Та бүхэнд амжилт хүсье!

Энэ нийтлэлийг 3992 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл