Математикийн хичээлээр ЭЕШ-д хэрхэн бэлтгэх вэ?

Огноо: 2015-10-15,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Гарааны үнэлгээгээ мэдэх. Сурагчдын дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол өөрийн гарааны үнэлгээг мэдэхгүй байх явдал юм. ЭЕШ-ийн шалгалтанд амжилттай бэлтгэхийн тулд өөрийн гарааны үнэлгээг мэдэж байх нь цаашдын төлөвлөгөөгөө гаргахад нэн чухал шаардлагатай. Үүний тулд өнгөрсөн жилүүдэд ЭЕШ-д ирж байсан сорилго тестүүдийг ажиллаж үзэх нь зүйтэй. Ялангуяа 2014, 2015 онуудын ЭЕШ-ийн шалгалтууд харьцангуй тогтсон стандартын дагуу явагдсан тул эдгээр шалгалтын материалийг ашиглах нь зөв. Болж өгвөл үүнээс өмнөх жилүүдийн материалтай ч танилцаарай. Эдгээрийг боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn хуудсаас үнэгүй татан авах боломжтой. Мөн манай бодлогын санд 2014 А, 2015 D хувилбарууд байгаа тул гишүүнээр элссэн тохиолдолд та бодолтуудыг нь үзэх боломжтой.

Хэрэв та эдгээр сорилго тестүүдийг амжилттай ажиллаж байгаа (90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй) бол танд баяр хүргэе! Та ЭЕШ-д өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэн орох бүрэн боломжтой юм байна. Магадгүй тесттэй ажиллах арга барилаа сайжруулах зэрэг бага зэргийн бэлтгэл шаардлагатай байж болно.

Хэрэв 30 буюу түүнээс дээш оноо авч байгаа бол та ямартай ч өөрийгөө дундажаас дээгүүр байгаа гэж бодож болох бөгөөд ямар нэг байдлаар сургуульд тэнцэн орох боломжтой (харамсалтай боловч бодит үнэн гэвэл ЭЕШ-ийн олон жилийн дундаж оноо 25-аас хэтрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл 25 оноо авахад 500 буюу түүнээс дээш хэмжээст оноо авдаг гэсэн үг). Чухам энэ хэсгийн хүүхдүүдийн хувьд ЭЕШ-д системтэйгээр бэлтгэх нь амин чухал бөгөөд зөв бэлдсэн тохиолдолд өөрийн эзлэх байрыг дээшлүүлж хүссэн сургуульдаа элсэн орох боломжтой юм.

Зорилгоо тодорхойлох. Хэрвээ та гарааныхаа үнэлгээг мэдсэн бол зорилтод оноогоо тогтоох шаардлагатай. Энэ нь таны хүссэн мэргэжлийн эрэлт хэрэгцээ, элсэлт авах тоо зэргээс хамаарах бөгөөд энэ талаарх хамгийн үнэн бодитой мэдээллийг (өмнөх жилүүдэд тухайн мэргэжлээр элсэлт авсан оноо) өөрийн элсэхийг хүссэн сургуулиасаа авч болно.

Үүний дараа таны гарааны оноо болон зорилтод оноо хир зөрүүтэй байгаагаас хамааран бие даан бэлтгэх, сургалтанд суух эсэхээ шийдэх шаардлагатай.

ЭЕШ-ийн шалгалтын онцлог нь буруу хариулсан тохиолдолд оноо хасдаггүй. Иймд асуултын хариултыг мэдэхгүй бол тааж хариулах нь зөв тактик юм. Гэвч нөгөө талаас азанд хэт найдах нь буруу. Тус бүр 5 сонголттой 10 асуултанд таамгаар хариулахад дундажаар 2 асуултанд зөв хариулах боловч ойролцоогоор 10 сая удаа шалгалт өгөхөд нэг удаа бүгдийг нь зөв таана. Нэг удаагийн шалгалтын төлбөр 5800 төгрөг (2015 оны үнэ) гэвэл 10 асуултанд зөв хариулахын тулд 58 тэрбум төгрөг зарцуулах хэрэгтэй болно. Тааж хариулах хариултын тоо их байх тусам өндөр оноо авах магадлал төдий чинээ багасах нь дээрх тооцооноос харагдаж байна. Иймд эртнээс төлөвлөгөөтэйгээр бэлтгэх нь ЭЕШ-ийг амжилттай өгөх цорын ганц найдвартай арга юм.

Шалгалтанд бэлтгэхдээ дараах зүйлсийг анхаараарай!
  • Өөрийн мэдэхгүй байгаа сэдвүүдээ тодорхойлж тухайн сэдвээр нэмэлт бодлого бодох;
  • Чадахгүй бодлогуудаа бусдаас асууж лавлах;
  • Өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах. Энэ нь мэдлэгээ бататгах ихээхэн үр дүнтэй арга юм;
  • Тестийн шалгалт өгөх арга барилд суралцах. Үүнд төрөл бүрийн сорилго тест ажиллах, ЭЕШ хэрхэн өгөх талаар зөвлөгөөг сурах бичиг болон интернэтийн орчноос хайж олон өөрт тохирохыг олж тогтоох;
  • Сүүлийн жилүүдэд тестийн бодлогууд харьцангуй хөнгөн болсон тул бүх сэдвийг жигд судлах;
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд дургүйд хүчгүйн тул хийж байгаа зүйлээ аль болох зорилготойгоо холбож сонирхолтойгоор хийх нь нэн чухал шүү. Мөн өнөөдөр хийх зүйлээ маргааш гэж хойш нь тавиад явбал нэг л мэдэхэд хавар болж хонхны баяр, улсын шалгалт гээд түүний дараа ЭЕШ-д бэлтгэх хугацаагүй болдгийг эртнээс анхаараарай! Та бүхэнд амжилт хүсье!

Энэ нийтлэлийг 853 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл